Таван толгойн хэлэлцээний товыг тогтлоо

tavantolgoiМонгол Улсын Засгийн газраас “Таван толгойн хөрөнгө оруулагчийг сонгож, хэлэлцээр хийх” үүрэгтэй томилогдсон Ажлын хэсэг уралдаант шалгаруулалтад шалгарсан Чайна Шэнхуа Энержи, Сумитомо корпораци болон Энержи Ресурс ХХК-ийн түншлэлийг хүлээн авч уулзлаа.Ажлын хэсгийн ахлагчаар Монгол Улсын сайд М.Энхсайхан, бүрэлдэхүүнд Уул уурхайн сайд Р.Жигжид, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Зам тээврийн сайд Н.Төмөрхүү нар ажиллаж байгаа юм.

 

Шалгарсан консерциумын талаас  Энержи Ресурс ХХК-ний гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл, дэд захирал Л.Оюунбат, China Shenhua Overseas Development & Investment  компанийн ТУЗ-ын дарга Шао Жүнжие, дэд ерөнхийлөгч Жоу Тиежүн, болон Sumitomo корпорацийн Монгол дахь салбарын захирал Хирото Фиживара нар оролцлоо.

Уулзалтын үеэр талууд хэлэлцээрийг 2015 оны 1 дүгээр сарын 5-аас эхлүүлэхээр тохирч, Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулах, хөгжүүлэх хэлэлцээрийг амжилтад хүргэхийн тулд бүх талын хүчин чармайлт гаргахаар санал нэгдлээ.

Ажлын хэсгийн ахлагч М.Энхсайхан “Тавантолгой төсөл 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардана. Энэ утгаараа дэлхийн хэмжээний төсөл болно. Шалгарсан хөрөнгө оруулагч нь Монгол, Хятад, Япон гэсэн 3 талын оролцоотой байгаа нь Тавантолгой төслийн үнэ цэнийг өсгөж байна” гэсэн юм.

Энержи Ресурс ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл “Бид хуримтлуулсан туршлагаа ашиглан Монгол улсынхаа хөгжилд бодит хувь нэмэр оруулахад бэлэн байгаагаа илэрхийлье” гэсэн бол Сумитомо корпорацийн Монгол дахь салбарын захирал Хирото Фиживара “Манай компани 1992 оноос эхлэн Монголд үйл ажиллагаа явуулж ирсэн. Энэ төслийн хувьд бидний оролцоо гуравдагч зах зээлд нүүрсний борлуулалт хийхэд төвлөрөх болно”  гэлээ.

China Shenhua Overseas Development & Investment  компанийн ТУЗ-ын дарга Шао Жүнжие “Шэнхуа групп олон улсад төсөл хэрэгжүүлсэн туршлагатай. Зүүн өмнөд Азийн орнуудад хэрэгжүүлж байгаа төслүүдээс харахад томоохон төслийг хэрэгжүүлэхдээ тухайн улсын туршлагатай компанитай хамтарч хэрэгжүүлэхэд илүү амжилтад хүрдэг юм байна. Япон, Монголын компаниудтай хамтран зах зээлийн зарчмаар, Монгол Улсын хуулийн хүрээнд ажиллах болно” гэв.

Ажлын хэсгийн гишүүд “Орд газар Монгол төрийн өмчлөлд байх, Төслийн бүхий л хугацаанд үндэсний компани олонхи байх, бүтээгдэхүүнийг Япон болон бусад зах зээлд борлуулах бололцоотой байх, Орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах болон Монголын уламжлалт соёл иргэншлийг хүндэтгэн хөгжүүлэхэд туслах, байгаль орчинд халгүй байх” зэрэг хэлэлцээрт баримтлах шалгуур баримтлалаа хэллээ.

Талууд хэлэлцээрт “Харилцан ашигтай байх стратеги” барихаар тогтож байгаа бөгөөд энэ нь хэлэлцээр итгэлцэл дээр суурилах, санаа зовж байгаа бүх асуудлаа ярилцах, аливаа асуудалд хамтарсан бүтээлч шийдэл олохын төлөө ажиллах зэрэг зарчмыг дотроо багтааж байгаа юм.

Цахим өргөдөл гомдол

Тоолуур

105424
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Өмнөх долоо хоног
Энэ сард
Өмнөх сард
Нийт
197
131
987
103229
3224
3905
105424
Таны IP: 18.205.109.82
Сервэрийн цаг: 2019-09-21 21:25:31

Байршил