2015 оны төсвийг ингэж танана

tosovУИХ Монгол Улсын 2015 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогыг 7,159.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 29.8 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлагыг 7,599.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 31.7 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 439.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 1.8 хувьтай тэнцэж байхаар төсвийн хуулийг баталсан ч удахгүй өөрчлөх болж байна.

 


Засгийн газар 2015 оны төсвийн тодотголыг боловсруулахдаа орлого, зарлагыг тус бүр 1 их наяд төгрөгөөр танаж, энэ хүрээнд дараах ажлыг хийхээр төлөвлөжээ.

2013 оноос эхэлж 0-18 хүртэлх насны хүүхдэд сар тутамд 20 мянган төгрөг олгодог болсон. Гэвч ирэх оноос цензур тогтоож зөвхөн зорилтот өрхийн хүүхдүүдэд 20 мянган төгрөг олгож байх саналыг Засгийн газар гаргалаа. УИХ-ын нэр бүхий гишүүд “Хүүхдийг алагчилж болохгүй. 20 мянган төгрөгөөс хэмнэлт гаргах гэж битгий улайр. Оронд нь дэд сайд нараа цомхотго, гадаад, дотоод руу зугаалдаг зардлаа тана” гэсэн зөвлөгөөг өгсөн ч хүлээж авах шинжгүй байна. Статистик мэдээллээр Хүний хөгжил сангаас энэ оны эхний 11 сард 990.5 мянган хүүхдэд 218.2 тэрбум төгрөг олгожээ.
Жил гаруйн өмнө УИХ –аас оюутанд олгох 70 мянган төгрөгт шалгуур тавьж, онц, сайн сурсан оюутан, мөн тухайн их, дээд сургууль төгсөгчдийн хэдэн хувь нь ажлын байраар хангагдсан бэ гэдгээс хамаарч үндэсний тэтгэлэг олгохоор хуулийг өөрчлөн баталж байв. Уг хууль бүрэн утгаараа ирэх оноос хэрэгжиж эхлэхийг Ерөнхий сайд хэллээ.  Гол нь хичээлдээ суудаггүй хэрнээ багш нараа “найрч” 100 оноо авч, 70 мянган төгрөгийн тэтгэлэгт хамрагдаад байгаа оюутныг хэрхэн шүүлтүүрийн нүхээр унагаж, төсвийг хэмнэх вэ гэдэг асуултын тэмдэгтэй үлдлээ.
Төрийн албанд ажиллагсдыг тэтгэвэртээ гарахад нь салбараас нь хамааруулаад 12-36 хүртэлх сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшууллыг нэг удаагийн тэтгэлэг болгон олгодог юм. Гэвч ирэх жилээс эхлэн тэтгэвэртээ суух төрийн албан хаагчдад салбарыг нь үл харгалзан дээрх тэтгэлгийг 12 сараар тооцон тэгшитгэж олгох саналыг Засгийн газар гаргалаа. Ийм арга хэмжээ авахгүй бол ирэх жил 100 орчим тэрбум төгрөгийг зөвхөн тэтгэвэрт гарах төрийн албан хаагчдад нэг удаагийн тэтгэлэг хэлбэрээр олгох болж буй ч нөгөө талдаа төр иргэнээ ялгаварлан гадуурхаж байна гэх хэл ам дагуулж эхэллээ. Ингэж хэлэх нь ч зүйн хэрэг бололтой, энэ онд болон түүнээс өмнөх жилүүдэд тэтгэвэртээ гарсан нь дээрх тэтгэлгийг 12-36 сараар тооцож авсан байтал ирэх оноос тэтгэвэртээ суух төрийн албан хаагч нэг удаагийн тэтгэлгээ 24-6 хүртэл сараар тануулахдаа тулсан нь Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргах хэмжээнд аваачиж болзошгүй нь.
Татвар гэж юу байдгийг мартаад удаж буй малчдад мал бүрт нь малын хөлийн татвар ногдуулахаар зэхсэнээ Ерөнхий сайд мэдэгдлээ. Дээрх татварыг орон нутаг нь тогтоож, түүгээр төсвийн орлогоо бүрдүүлэх аж. Энэ бол зөв систем. Улсын хэмжээнд энэ жил 50 сая гаруй толгой мал өвөлжиж байгаа мэдээ бий. Хэрвээ малын толгой бүрт 500 төгрөгийн татвар ногдуулъя гэж тооцвол жилдээ 250 тэрбум төгрөг төвлөрөх боломжтой нь харагдана. Гол нь мал, малчин хоёртоо хайртай улстөрчид малын хөлийн татварыг зөвшөөрч кноп дарах уу гэдэг бас асуудалтай.
Өмнө нь буюу 2010 онд малын хөлийн татвар бий болгох асуудал хөндөгдөж байсан ч эцэстээ малын ноос, ноолуураа үндэсний үйлдвэртээ тушаасан малчдад урамшуулал олгохоор шийдвэрлэж, УИХ-аас тогтоол батлан жил тутамд 20 гаруй тэрбум төгрөгийг төсөвт суулгадаг жишиг тогтсон билээ.
Төсвийн үргүй зардлыг бууруулахын тулд онцгой, цагдаа, гааль, цэргийнхнээс бусдын дүрэмт хувцсанд зориулж хөрөнгө мөнгө төсөвлөхгүй байхаар шийдэж 2015 оны төсвийн тодотголыг боловсруулсан аж. Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгал, татварынхан зэрэг байгууллагууд дүрэмт хувцасны нормгүй болно гэсэн үг.
Харин төрийн данхгар бүтцийг багасгах чиглэлийг УИХ-аас өгснөөр 11 мянга орчим төрийн албан хаагчийг цомхотгох шаардлагатай болсон ч ажилгүйдлийн тэтгэмжид нь 38 тэрбум төгрөг олгох шаардлагатай болж буй юм байна. Эл асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд “Цомхотгүй байх нь зүйтэй” гэсэн нэгдсэн шийдвэрт хүрсэн аж. Гэвч эцсийн шийдлийг УИХ гаргах учраас ажилд нь үлдээнэ гэж хэлэхэд эрт байна.

Цахим өргөдөл гомдол

Тоолуур

105442
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Өмнөх долоо хоног
Энэ сард
Өмнөх сард
Нийт
215
131
1005
103229
3242
3905
105442
Таны IP: 18.205.109.82
Сервэрийн цаг: 2019-09-21 21:41:44

Байршил