Инфляци 20 хувьд хүрч өсөх байсан

МУИС-ийн эдийн засгийн багш, доктор Б.Отгонтөгстэй ирэх оны мөнгөний бодлого болон өнгөрөгч онд хэрэгжүүлсэн мөнгөний бодлого, үнэ тогтворжуулах хөтөлбөрийн асуудлаар ярилцлаа.
-Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэлийг УИХ-ын гишүүд хэлэлцэхийг дэмжлээ. Өнгөрөгч онд Монголбанк эдийн засгийн нэлээн хүндрэлтэй орчинд ажилласан. 2014 онд мөнгөний бодлогын хувьд ямар сорилт тулгарав?
-2014 он дуусаагүй байна. Эхний гурван улирлаас харахад ганцхан 2014 он ч биш 2013 оноос эхлээд макро эдийн засгийн хурд саарч эхэлсэн. Уул уурхай зэрэг зарим салбарын эрхзүйн орчин тодорхойгүй байсан учраас гадаадын хөрөнгө оруулагчид болгоомжилж эхэлсэн тул оруулж ирэх байсан хөрөнгө оруулалт багссан. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт графикийн дагуу саадгүй явж олборлолт эхэлж, хөрөнгө оруулалт орж ирэх нь гэж харж байсан ч харамсалтай нь тийм зүйл болсонгүй.

    Ипотекийн зээл гэхэд үр ашгаа өгч эргээд төлөгдөж эхэлж байна. Энэ хөтөлбөр хэрэгжээгүй бол зөвхөн 2014 оны эхний хагас гэхэд махны, бензин шатахууны   үнэ   одоо байгаагаас 2.5-4.6 дахин   нэмэгдэх байсан гэсэн судалгааг Монголбанкны дэргэдэх Мөнгөний бодлогын судалгааны газар хийсэн байна.

Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын хурд саарснаас үүдэж энэ салбартай холбоотой байсан олон салбар хүнд байдалд орлоо. Ажиллах хүчээ ч өмнөхөөсөө нэмэгдүүлээгүй байна. Уул уурхай, өрөмдлөг, тээвэр, мөн эдгээр салбарыг санхүүжүүлдэг банкны салбар ч 2013 оноос эхлэн хүндхэн цаг үеийг давж байна.

Мөн 2014 оны хамгийн том сорилт юу байсан бэ гэхээр манай улсын хамгийн том зах зээл болох Хятадын эдийн засаг эрчимтэй өсөхөө больсон. Хятад улсын макро эдийн засгийн бодлогын үр дүнд импортын өсөлт буурсан. Монгол Улсын ДНБ-ийн өсөлт 20 хувь болтлоо өсөхөд голлох байр суурь эзэлж байсан нүүрсний салбар Хятад улсаас хамааралтайгаар буурсан нь том сорилт боллоо.

Монголбанкнаас 2014 онд инфляцийг нэг оронтой тоонд барих зорилго тавьж байсан. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд мөнгөний бодлогын уламжлалт аргуудаас гадна уламжлалт бус, макро эдийн засагт шууд нөлөөлдөг арга хүртэл хэрэглэсэн. Гэтэл эхний найман сарын байдлаар 14 хувь хүрчихлээ. Зорилгодоо хүрч чадаагүй гэхээр Монголбанкны Мөнгөний бодлого их л адармаатай, хэцүү замаар явсныг харуулж байна.

-Бодит секторыг дэмжих, эдийн засгаа мөнгөний зөөлөн бодлогоор дэмжиж байсан. Гэсэн ч долдугаар сараас бодлогын хүүгээ нэмэгдүүлсэн. Зайлшгүй нөхцөл байдлаас ийм сонголт хийв үү?
-Монголбанкны Мөнгөний бодлого эхний үедээ Сангийн тэлэх бодлоготой адилхан зөөлөн байсан. 2012 оноос эхлэн Засгийн газартай хамтраад үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлж одоогийн байдлаар дөрөв орчим их наяд төгрөгийг манай улсын хэрэглээний сагсанд жин эзэлдэг мах, буудай, шатахууны үнийг тогтворжуулахад зарцуулсан. Үүний ачаар эдгээр гол барааны үнэ тогтвортой байгаа.

Түүнчлэн, хоёр гурван ч удаа бодлогын хүүгээ бууруулж аль болох бодит эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулалтын нөхцлийг сайжруулах бодлого явуулсан.   Манай төсвийн бодлого өөрөө тэлсэн бодлого явуулдаг. Хөгжлийн банк байгуулсныг та бүхэн санаж байгаа.

Байгуулагдаж эхэлсэн цагаасаа хойш Хөгжлийн банк улсын төсөвтэй адил хөрөнгө оруулалтанд мөнгө зарцуулах эрхтэй болсон. Засгийн газар төсвийн алдагдлаа   ДНБ-ий хоёр хувиас хэтрүүлэхгүй байсан ч бонд гаргаж, Хөгжлийн банкаар дамжуулан   2,6   их наяд төгрөгийг эдийн засагт зарцуулж   эхэлснээр, түүнчлэн Монголбанк тогтворжуулах хөтөлбөр гэж 4 их наяд зарцуулсан. Ингэж л макро эдийн засагт гадаад болон дотоод тэнцэвр алдагдаж ирэх нөхцөл үүссэн хэрэг.

Тиймээс энэ байдлыг засахын тулд Монголбанк 2014 оны долдугаар сард бодлогын хүүгээ 1.5-аар нэмэгдүүлж 12 болгосон. Бодлогын хүү өсгөсний нөлөө маш их байгаа. Мөн банк санхүүгийн байгууллагууд эрсдлээ маш сайн тооцож зээлээ хумих бодлого барьж эхэлснээр мөнгөний нийлүүлэлт буурсан гэж хэлж болно.

Бодлогын хүүг өсгөж, зээлээ хумих бодлого явуулснаар инфляцийг өдий хэмжээнд барьж чадлаа. 20 хүрч болох байсан шүү. Ялангуяа үнэ тогтворжуулах хөтөлбөрийг Монголбанк хэрэгжүүлээгүй бол 2014 онд   махны үнэ л гэхэд 2010-2012 онуудын үетэй харьцуулахад 4,6 дахин өсөхөөр байсан улмаар инфляци 20 хувьд хүрч өсөх байсан.

-Ирэх оны мөнгөний бодлогыг хэрхэн дүгнэж байна вэ. Дээр хэлсэнчлэн гадаад хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй, цаашлаад төсвийн зардал хумигдахгүй болохоор ирэх онд Монголбанк бодлогын хувь сонголт хийж таарах болов уу?
-Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэлийг   судлахад юу харагдаж байна вэ гэхээр, ирэх онд илүү эдийн засгийн гадаад тэнцвэрийг   барьж, тогтоохын төлөө ажиллах   болж байна. Мэдээж өөр нэг том зорилго бол инфляцийг нэг оронтой тоонд буюу 7 хувьд барих зорилт.

Монголбанкны мөнгөний бодлогын газрын эдийн засагчид инфляцийн төвшинд нөлөөлж байгаа бүх хувьсагчуудад орж болох өөрчлөлтүүдийг загварт оруулж, эрсдэл багатай, ихтэй төвшингээр нь тооцож, бодлогын хүү ямар төвшинд байхад жилийн эцэст инфляци хэд байх вэ гэж тооцож үзэж байж гаргасан зорилтот төвшин.

Оны эхний үедээ хоёр оронтой гарах байх,   эдийн засгийн идэвхжил ихтэй шинэ жил, цагаан сараар өндөр, харин найм, есдүгээр сард нэг оронтой байх зэргийг тооцоолж гаргасан. 2015 оны гол зорилго бол гадаад тэнцвэрийг барих асуудал. Дараа нь санхүү, банкны системийг тогтворжуулна гэсэн зорилт байгаа.   

Цаашдаа мөнгөний энэ бодлогын чинь үр дүн зөвхөн 2015 он биш юм. 2017 онд бид Чингис бонд, Хөгжлийн банкны анхны авсан 560 сая ам.долларын төлбөрийг хийх учраас ирэх оны мөнгөний бодлогоор гадаад тэнцвэрээ хангах, мөн гадны хөрөнгө оруулагчдад бид ийм зөв бодлого хэрэгжүүлж байгаа шүү гэсэн мессеж явуулах, тогтвортой байдлыг хангах дунд ба урт хугацааны бэлтгэлээ харж хийсэн бодлого юм.

-Хийсвэр тоо тавьж оруулж ирлээ гэх шүүмжлэл их байна. Тухайлбал, ам.долларын ханшийг 1750 гэж тооцож оруулж ирсэн нь сөрөг хүчний зүгээс багагүй шүүмжлэл дагууллаа. Өнгөрөгч онд 1380 гэж тооцсон ч энэ тоонд барьж чадаагүй?
-Одоо бол 1830-тай байгаа. 100 төгрөг ч хүрэхгүй зөрүү байна. Манайх валютын хөвөгч ханшны системтэй улс. Тийм учраас валютын ханшийг зах зээл өөрөө тодорхойлж байдаг. Монголбанкнаас заавал 1830 гэж барина гэсэн ойлголт ч байхгүй. Систем нь тийм юм.

1750-д байлгана гэсэн бол тэнд барихын тулд хамаг гадаад валютаа барж, тэр нь дуусчихвал гаднаас мөнгө зээлж байж хүчээр барих болчихоод байгаа юм. Тиймээс хөвөгч ханшийн системээрээ л явах нь зөв. 1750 гэдгийг би боломжтой гэж харж байна.

Инфляцийн төвшинг нэг оронтой тоонд барих гэж байгаа тохиолдолд ханш 1750 гэх нь шүүмжлэл дагуулах зүйл биш. Мөнгөний бодлогын зорилтот төвшин болгоны ард маш олон эдийн засагч, судлаачид загвар тооцоо хийж, таван сар энэ тухайн баримт дээр дүн шинжилгээ хийж байж оруулж ирдэг учраас үндэслэлгүй гэж хэлж болохгүй.

-Эдийн засгийн талаасаа харсан ч төсөв, мөнгөний бодлоготойгоо уялдах ёстой. Гэтэл УИХ төсвөө баталж амжаагүй байна. Сангийн сайдгүй төсөв хэлэлцээд явж байгаа атлаа мөнгөний бодлогоо түрүүлж хэлэлцэж байна шүү дээ?
-Яаж зохицуулж болох вэ гэдгийг л эдийн засагчид яриад байгаа юм. Мөнгөний бодлого, төсөвтэйгээ уялдах ёстой гэдэг нь эдийн засгийн онол талаасаа батлагдчихсан онол. Мөнгөний бодлого, Сангийн бодлого маш уялдаатай байж зорилтдоо хүрдэг. Сангийн яамны төсвөөр дамжуулж нэг зорилго тавина.

Эдийн засгийн дунд болон урт хугацааны бодлогыг хангах. Монголбанк ч яг адилхан. Дунд болон урт хугацаандаа хямралд орчихгүй тогтвортой байх вэ гэдгийг л аль аль нь анхаардаг. Төсвийн хэлэлцүүлгийг хийж эхлэхэд сайтаас нь татаж уншсан. Төсвийн хувьд хуулийн талаасаа асуудал алга.

Төсвийн тухай хууль, орон нутагт төсвөө боловсруулсан байдал, төсвийн сахилга бат зэргийг өөлөх юм алга. Гэхдээ дотор нь уншаад явахаар 2016-2018 ондоо ирэх оны төсөв хэрхэн уялдах, он дамжсан бүтээн байгуулалтад хэрхэн зарцуулах зэрэг алсыг харсан тооцоолол нь дутуу санагдлаа.

2015 онд төсвийн алдагдлыг ДНБ-ий хоёр хувиас хэтрүүлэхгүй байх тал руу хэтэрхий анхаарчихсан байна. Түүнчлэн, төсөвтэй адилхан зарцуулалт хийж байгаа Хөгжлийн банкны зардлыг төсвийн зардалтай хамтруулж оруулж ирэх ёстой байсан. Хөгжлийн банкны хуульд бага зэрэг өөрчлөлт оруулаад л шийдчихнэ.

Төсвийн зардалтай адил үзээд төсвийн зардлын баланс дээр бичсэн бол болох байсан. Хөгжлийн банкны санхүүжилтыг оруулаад ирэхээр төсвийн алдагдал нь ДНБ-ий хоёр хувиас хэтрээд явна л даа. Хуулиа баримталсангүй гэж 76 гишүүн уурлаж болох ч эдийн засгийн талаасаа нэгдсэн баланст оруулж барих нь зөв гэдгийг бүх л эдийн засагч хэлнэ.

Монгол Улсын зээлжих зэрэглэл хасах В гарч байна. Онц сайн биш хасах авч байна гэдэг нь төсвөөс гадуур их хэмжээний мөнгө эргэлдээд байна шүү гэдгийг сануулж хэрэг юм. Төсөвтэй адилхан зарцуулдаг атлаа үр ашиг нь хаана байна вэ гэдгийг тэд сануулж, их хэмжээний хөрөнгө оруулалт хийвэл шингээх чадвар муутай эдийн засагт үр ашиггүй байдлал үүсэх вий, үр ашиггүй үрчих вий гэж сэрэмжлээд байгаа хэрэг юм.

Гадныханд ийм ойлголт өгөхөөр нөгөө гадаадын хөрөнгө оруулагчид чинь манайх руу орж ирэхгүй байна. Төсвийн орлого нэмэгдэхгүй бол бид гаднаас өр зээл тавина. Тиймээс энэ жилийн төсвийн бодлогоороо үүнийг зохицуулж өгсөн бол дээр байсан юм.

-2013-2014 онд эдийн засгийн суурь хүндрэл байсан шүү дээ. Тэгвэл 2015 онд төлбөрийн тэнцлийн хямралаас гарах, эдийн засгаа сайжруулах ямар арга зам байна вэ. Өрийн удирдлагын хуультай болж гаднаас авах зээлээ нэмэгдүүлж байж эдийн засгаа аврах талаар ярьж эхлээд байгаа?
-Яагаад эдийн засгийн гадаад тэнцвэр чухал болоод байгаа нь 2013- 2014 оны байдлаас урган гарч байгаа юм. Эдийн засгийн гадаад тэнцвэр гэдэг нь гол нь гаднаас орж ирж байгаа нийт мөнгөний хэмжээ нь манай гадагшаагаа гаргаж байгаа мөнгөний нийт хэмжээтэй ойролцоо л байхыг хэлж байгаа юм.

Гадаад тэнцвэрийн алдагдалтай байдал удаан хугацаанд үргэлжилбэл бид хамгийн түрүүнд гадаад валютын улсын нөөц барагдаж ирнэ, гадаад худалдааны санхүүжилтээ хийж чадахаа болино, гаднаас зээлэх хэрэг гарна, зээлжих эрх муудсан энэ үед улам л өндөр хүүтэй зээл авах болно, үүнээс үүдээд банк, санхүүгийн систем доголдож ирнэ. Төгрөгийн ханш улам л суларч ирнэ. Өрийн хямрал үүсэх аюултай.

Төлбөрийн тэнцлийн алдагдал   2014 оны эхний хагасын байдлаар 915 сая ам. доллар болсон, гадаад цэвэр актив өнгөрсөн онтой харьцуулахад 160 хувиар буурсан. Гадаадын шууд хөрөнгө оруулалт   өмнөх онтой харьцуулахад 65 хувиар буурсан. Одоо бол манайд орж ирж байгаа мөнгөний хэмжээ, манай гадагшаа зарцуулж байгаа мөнгөний хэмжээнээс хэд дахин бага болж байна.

Монголын эдийн засагт орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх, экспортын бараа үйлчилгээний   үнэ, хэмжээ, төрлүүдийг нэмэгдүүлж байж бид гадаад тэнцвэрээ барина.   Бид жижиг нээлттэй эдийн засаг тул дэлхийн үнэд нөлөөлж чадахгүй тэгэхээр гадаад тэнцвэрийг барихын тулд үйлдвэрлэл, экспортын хэмжээ, өрсөлдөх чадвараа л нэмэгдүүлэх хэрэгтэй болж байгаа юм.

Үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийн тулд хөрөнгө оруулалт хэрэгтэй, гадаадын шууд хөрөнгө оруулалт зогссон энэ үед засгийн газрын зардал нэмэгдэж байж л хөрөнгө оруулалт хийгдэнэ, энэ нь эргээд импортыг нэмэгдүүлээд төлбөрийн тэнцлийн алдагдлыг өсгөнө. Монголын эдийн засгийн хувьд импортлох ахиу хандлага өндөр учраас төсвийн зардлын өсөлтөд их болгоомжтой хандах ёстой байгаа юм.

    Хөгжлийн банкны тавьсан зээл, Чингис бондыг оруулаад одоогийн байдлаар өрийн төвшин 70 хувьтай байгаа гэсэн судалгаа гарсан

Тийм учраас 2015 онд төв банк гадаад тэнцвэрээ тогтвортой болгох зорилт тавиад байгаа юм. Миний бодлоор Монголбанк Сангийн бодлоготой уялдсан бодлого явуулах хэрэгтэй байна. Монгол Улсын орлого л нэмэгдээд байгаа болохоос олж ирсэн арван төгрөгнийхөө долоог нь бид импортод зарцуулаад байгаа юм. Төсвөөс 100 сая төгрөгийн тендер зарлалаа гэхэд 70 сая нь барилгын материал, төмөр арматур авах гээд гадагшаа явчихдаг.

Төсвийн бодлогогүй зарцуулалтад анхаарч, Монголбанк мөнгөний бодлогоо зөөлрүүлэхгүй   байхад анхаармаар байна. Ялангуяа Засгийн газар гаднаас яаж хөрөнгө оруулах вэ гэдгээ ярьж, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх эрх зүйн орчноо хэрхэн сайжруулсан талаар, төсөв, мөнгөний бодлого хэрхэн уялдаатай болгох талаар хамтарсан ажил   хийх хэрэгтэй. Хоёрдугаарт эрхзүйн орчноо тогтвортой болгох.

Гадаадын хөрөнгө оруулалтыг зогсоож байгаа лиценз цуцалсан,   эргэж сэргээсэн асуудлуудыг нэг мөр шийдье. Тэгээд хөрөнгө оруулалт орж ирэхгүй бол зээлэхээс өөр арга байхгүй. Төсвийн тогтвортой байдлын хуулиа бариад 40 хувьдаа захирагдаж хөрөнгө оруулалт хийж чадахгүй суух уу, эсвэл 60-70 хүргэх үү гэдэг сонголт хийх цаг нь болчихсон. 70 хувьд хүргэхэд болохгүй гэх газаргүй.

Учир нь ирээдүйд төлөх өр, одоо босгох том том бүтээн байгуулалтын төлөө хуулиа өөрчилж хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх гарц байгааг олон ч эдийн засагчид судалсан байна. Хөгжлийн банкны тавьсан зээл, Чингис бондыг оруулаад одоогийн байдлаар өрийн төвшин 70 хувьтай байгаа гэсэн судалгаа гарсан байна лээ. Өр нэмэгдүүлэхгүй гэж хэлэх хүн байгаа л байх. Эдийн засагчийн зүгээс бол ийм л бодолтой байна.

-“Засгийн газрын гадаад өрийн цогц төлөвлөгөө” гаргах талаар яригдаж байсан. Энэ талаар танд мэдээлэл байна уу?
-Одоогоор уншиж судалсан зүйл алга. Гэхдээ тийм төлөвлөгөө гаргахаар яригдаж байгааг сонссон. Үндэслэл нь зөв. Яагаад хэрэгтэй вэ гэхээр, ийм төлөвлөгөө байх хэрэгтэй байгаа юм. Баримтжуулж, тооцоо судалгааг нь хийгээд улсынхаа өмнөөс үүрэг хүлээсэн субъектууд нэгдсэн ойлголттой болмоор байгаа юм.

Бид хэдэн төгрөгийн өртэй юм. Одоо хэдийг нэмж авах вэ, ирээдүйд төлөх өр маань хэзээнээс эхлэх билээ, бид хэрхэн төлөх вэ гэдгээ төлөвлөгөөндөө тусгаад өгчихөөр гадны дүн тавьдаг нөхдүүд бидэнд өөрөөр хандаж эхэлнэ. Энэ хүмүүс гэрийн даалгавраа хийж байна гэж үзнэ.   Өөрөөр хэлбэл, зээлжих зэрэглэл дээрээ бид онц   сайн дүн авахад дөхнө гэсэн үг.

-Үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрийг УИХ-ын гишүүд багагүй шүүмжиллээ. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр ямар үр дүн гарав. Хэрвээ хэрэгжүүлээгүй байсан бол эдийн засагт ямар нөлөө үзүүлэх байсан бол?
-Монголбанк Засгийн газартай хамтран маш олон дэд хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа. Төсвийн орлого муудчихсан, гадаадын шууд хөрөнгө оруулалт 70 хувиар буурчихсан, нийлүүлэлт тасалдах болсон үед энэ дэд хөтөлбөрүүд ач тусаа өгсөн гэж харж байгаа. Гэхдээ энэ хөтөлбөр бол богино хугацааных л даа.

Мөнгөний зөөлөн бодлого хэрэгжүүлж, дотоодын аж ахуйн нэгжүүдээ үнээ битгий өсгө, тогтвортой байлгаж эдийн засгийн хүндрэлийг давах ёстой гэж мөнгө өгсөн шүү дээ. Үүнийг мөнгөний уламжлалт бус арга гэж үзэж байгаа. Анх хэрэгжүүлж эхлэхдээ л богино хугацааны хөтөлбөр гэж зарласан учраас дэд хөтөлбөрүүд одоо дуусах байх. Эндээс ипотекийн зээл үлдэх болов уу.

Яагаад гэхээр, эдийн засаг хямралтай үед гол гол стратегийн ач холбогдолтой салбараа дэмжиж авч гардаг, эргээд хэвийн байдалд орсны дараа бодлогыг цуцлах боломжтой юм. Макро эдийн засгийн хүнд байдлыг давахад үнэ тогтворжуулах дэд хөтөлбөр гол үүрэг гүйцэтгэсэн нь эдийн засагт ямар нэгэн нийлүүлэлтийн талаас үүссэн хямрал гараагүй, эдгээр барааны үнэ тогтвортой байж, энэ барааны хувьд хүмүүсийн худалдан авах чадварыг бууруулаагүй гэдгээр хэмжигдэж байгаа юм.

Мөн компаниудын худалдан авах чадвар буурсангүй. Тэгэхээр үр дүнгээ өгсөн гэж харж байгаа. Инфляцийг 14 хувьтай барьж чадахгүй байсан. Хямралыг давж чадсан учраас эдгээр хөтөлбөрүүдийг   аажмаар зогсоох байх. Шууд маргааш нь зогсоочхож болохгүй л дээ. Шат дараатай явсаар энэ хөтөлбөрөө зогсоох байх. Энэ хөтөлбөрүүдийн мөнгө зүгээр нэг урсаагүй. Эргээд орж ирж байна.

Ипотекийн зээл гэхэд үр ашгаа өгч эргээд төлөгдөж эхэлж байна. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн ачаар, ипотекийн зээлийн тогтвортой хүүгийн төвшинд Монголын   дундаж амьдралтай айл орон сууцанд орж,   амьдарч, байшингаа шинэчилж, унаагаа авч чадаж байна. Энэ хөтөлбөр хэрэгжээгүй бол зөвхөн 2014 оны эхний хагас гэхэд махны, бензин шатахууны   үнэ   одоо байгаагаас 2.5-4.6 дахин   нэмэгдэх байсан гэсэн судалгааг Монголбанкны дэргэдэх Мөнгөний бодлогын судалгааны газар хийсэн байна.

Цахим өргөдөл гомдол

Тоолуур

105440
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Өмнөх долоо хоног
Энэ сард
Өмнөх сард
Нийт
213
131
1003
103229
3240
3905
105440
Таны IP: 18.205.109.82
Сервэрийн цаг: 2019-09-21 21:39:31

Байршил