Байгууллагын товч түүх

            Тус анги нь анх 1997 оны 07 дугаар сарын 05-ны өдөр ШШГЕГ-ын даргын шийдвэрээр “Барилгын материалын үйлдвэрлэлийн ашиглалтын өмнөх захиргаа” нэртэйгээр Нэгдсэн хорих ангийн нэг хэсэг хэлбэрээр байгуулагдсан байна.

Тус анги нь Монгол улсын Засгийн газрын 2000 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн 98 дугаар тогтоол, ШШГЕГ-ын даргын 2000 оны 08 дугаарсарын 04-ны өдрийн 99 дүгээр тушаалаар “Хорих 409 дүгээранги” нэршилтэйгээр шинээр байгуулагдсан болно.

Засгийн газрын бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нэгдсэн хорихын барилга барих бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэхээр Засгийн газрын 2013 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 130  дугаар тогтоолоор тус анги нь одоогийн байрлалд нүүн ирсэн бөгөөд Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1447 тоот зөвшөөрлийн дагуу “409 дүгээр хаалттай хорих анги” гэсэн нэршил бүхий хаалттай хорих ангийн статустайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Байгуулагдсан цагаас хойш чанга дэглэмтэй энэхүү хорих ангийн үйлдвэрийн гол чиглэл нь тоосго үйлдвэрлэх явдал байсан бөгөөд Засгийн газрын 155 дугаар тогтоолоор хэвээр батлагдсан байна. 2005 оноос тоосгоны зэрэгцээ гурил үйлдвэрлэх болж тухайн ондоо 1 дүгээр гурил 6.2 тонн, 2 дугаар гурил 3.1 тонн, хивэг 2.1 тонн тус тус үйлдвэрлэж байжээ.

409 дүгээр хаалттай хорих ангийн даргаар 2000-2004 онд хурандаа П.Бадамдорж, 2004-2007 онд хурандаа Ш.Булган, 2007-2008 онд хурандаа Г.Ганболд, 2008-2010 онд хурандаа Ш.Булган, 2010-2012 онд хурандаа Г.Тэрбиш, 2012-2013 онд хурандаа Т.Батболд, 2013-2015 онд хурандаа Ш.Булган, 2015 оны 02 сараас 04 сард хурандаа М.Алтан-Очир, 2015-2018 онд хурандаа Ш.Булган, 2018 оноос хурандаа С.Батсайхан ажиллаж байна.

Тус ангийн бие бүрэлдэхүүн 2013-2018 онд 21 тэрбум төгрөгний улсын төсвийн санхүүжилтээр 850-860 хүний багтаамжтай олон улсын жишигт хүрсэн нэгдсэн хорих ангийн барилгыг барьж ашиглалтанд оруулаад байна.

Өнөөдрийн байдлаар тус анги нь 1. Захиргаа, санхүү, 2. Харуул хамгаалалтын алба, 3. Хуяглан хүргэлтийн хэлтэс, 4. “Газар ивээл” ТӨААТҮГ гэсэн бүтэц зохион байгуулалттайгаар нийт 168 албан хаагчтай үйл ажиллагаагаа явуулж байна.

Хоригдлыг ажлын байраар хангах, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх үүднээс гутлын үйлдвэр, арьс ширэн эдлэл, зөөлөн оёдлын үйлдвэр, нэхмэл эдлэлийн үйлдвэр, гар урлал мужаан зэрэг төрлүүдээр дагнан нийт хоригдлын 70-80 хувийг тогтмол ажлын байраар ханган амжилттай ажиллаж байна.

Ангийн захиргаанаас санаачлан “Ахлагчийн зөвлөл”, “Гэр бүл, хүүхэд эмэгтэйчүүдийн зөвлөл”, “Сахилга, ёс зүйн зөвлөл”, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл”, “Дотоодын хяналт шалгалтын зөвлөл” байгуулан үйл ажиллагаагаа тогтмолжуулан хамт олны дунд төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Back to top button
Close